Монгол Улс, Улаанбаатар – (2021.05.17) – Steppe Gold Limited (TSX: STGO) (Цаашид “Степ Голд” эсвэл тус компани гэх болно) 2021 оны 03 сарын 31-нд дуусгавар болж байгаа улирлын санхүүгийн тайлангаа танилцуулж байна. Өөрөөр тодотгоогүй тохиолдолд энэхүү мэдээлэлд бүх мөнгөн дүнг америк доллараар илэрхийлэв.
Степ Голд компанийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Т.Батаа “Энэ улиралд манай Алтан Цагаан Овоо уурхай төслийн олборлолт, нуруулдан уусгах ажиллагаа сайн үзүүлэлттэй гарлаа. Хамгийн чухал нь төслийн талбайд ямар ч осол эндэгдэл гаргасангүй. Бид одоогоор 1.8 сая тонн хүдэр олборлож, 1.4 сая тонн хүдрийг нуруулдан уусгах талбайд нуруулдсан. Энэ зун шинэ бутлуур угсран ашиглалтад оруулснаар бид 2021 онд нуруулдах хүдрийн хэмжээгээ түүхэн дээд хэмжээнд хүргэхээр төлөвлөж байна. Нэгдүгээр улиралд цаг агаар хүйтэрсний улмаас үйлдвэрлэлийн ажлаа түр зогсоосон. Харин 4-р сарын эхээр нуруулдах ажиллагаагаа эхэлж, 4-р сарын сүүлч гэхэд алтны үйлдвэрлэлээ эрчимжүүллээ.
Covid-19 цар тахалтай холбоотой саатал Алтан Цагаан Овоо төслийн үйл ажиллагаанд нөлөөлсөн. Ялангуяа шаардлагатай химийн урвалжийн нийлүүлэлтэд саад учирч байгаа боловч бид энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна.
Алтан Цагаан Овоо төслийн нөөцийн хэмжээ 2.45 сая унцид хүрсэн. Мөн бид энэ зун шинэчилсэн ТЭЗҮ-ээ танилцуулахаар бэлтгэж, 2-р шатны төслийн бэлтгэл ажилд анхааран ажиллаж байна.
Төслийн зээлдэгч нартай хийж буй яриа хэлэлцээнүүд ахицтай байна. Зээлийн санхүүжилтийг цаг тухайд нь бүрдүүлснээр бид төслийн 2-р шатны бүтээн байгуулалт, гол худалдан авалтуудтаа тасалдалгүй үргэлжлүүлэх боломжтой болох юм.
Бид Монголын Хөрөнгийн Бирж дээр хувьцаагаа бүртгүүлэхээр Үнэт цаасны танилцуулгаа хүргүүлээд байна. Бид энэ зун хувьцаагаа амжилттай бүртгүүлэн санхүүжилт босгохоор төлөвлөж байна. Бид Монголын хөрөнгийн зах зээл дээр бүртгүүлэх гэж байгаадаа маш баяртай байгаа бөгөөд үүний ачаар илүү олон монголчууд Степ Голд компанийн амжилтын замналаас хуваалцах боломжтой болох юм” гэлээ.
1-р улирлын онцлох зүйлс: (өөрөөр заагаагүй бол бүх дүнг 000 ам.доллараар илэрхийлэв)
- 2021 оны 3-р сарын 31-нд дуусгавар болсон гурван сарын хугацаанд орлого $1,634 байсан бөгөөд үүнд 945 унц алт болон 861 унц мөнгийг $1938 болон $26-аар тус бүр худалдсан.
- Уурхайн олборлох үйл ажиллагааны орлого нь элэгдэл болон хорогдуулалтын өмнө $964 байв.
- 2021 оны 3-р сарын 31-ны байдлаар бэлэн мөнгө, хадгаламжийн дүн $28,976, банкны зээлийн үлдэгдэл $13,451 байна.
- 2021 оны 3-р сарын 31-нд дуусгавар болсон 3 сарын хугацаанд 170,130 тонн хүдэр олборлож, 189,283 тонн хүдрийг нуруулдан уусгах талбайд нуруулдсан. Хүдрийн дундаж агуулга Au-1.91 г/т, Ag – 10.1 г/т.
- Компани 2021 оны 2-р сарын 24-нд Алтан Цагаан Овоо уурхайн шинэчлэгдсэн нөөцийг танилцуулсан. Энэхүү шинэчилсан нөөцийн тооцооллоор ордын нөөц 2 дахин нэмэгдэж, 2.45 сая унц боллоо. Энэ нь жилд 150,000 унц алт олборлох төлөвлөгөө болон уурхайн үйл ажиллагааг 10 жилээр нэмэгдүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно.
- Алтан Цагаан Овоо төслийн 2-р шатны ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулах ажил ахицтай байна. Нөөцийн шинэчилсэн тооцоо болон нарийвчилсан металлургийн туршилтын ажилд үндэслэн боловсруулан шинэчилсэн ТЭЗҮ-ийг 2021 оны зун танилцуулах зорилготой байна.
Цаашдын төлөв
Хүдэр олборлох, нуруулдах ажил өвлийн улиралд төлөвлөгөөний дагуу явагдсан. Одоо нийт 1.4 сая тонн хүдрийг нуруулдан уусгах талбайд нуруулдаад байна. Цаг агаарын нөхцлөөс шалтгаалан 2021 оны 1-р улиралд нуруулдан уусгалт болон, алт үйлдвэрлэлийг түр зогсоосон. Ингэснээр бүтэн нэг улирлын туршид засварын ажлыг гүйцэтгэх боломжтой болсон бөгөөд энэ нь одоогийн үйлдвэрлэлийн явцад үр дүнгээ өгч байна. Цаг агаарын нөхцөл байдлаас болж үүсдэг зогсолт нь 2021/22 оны өвлийн улиралд барилгын ойролцоо ус халаах уурын зуух суурилуулснаар шийдвэрлэгдэнэ. Covid-19-тэй холбоотой урвалж бодисын нийлүүлэлт хязгаарлагдаад байгаа боловч цаг агаар дулаарч байгаа ойрын саруудад үндсэн химийн урвалжуудаа нөөцлөхөөр төлөвлөж байна. Компани 2021 оны 4-р сарын эхээр нуруулдан уусгах болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлж, 4-р сарын сүүлчээр алтны үйлдвэрлэлээ эхлүүллээ.
Компани 2021, 2022 онд жилийн гарцаа 50,000 унц болгож, 2023 онд анхдагч хүдрийн олборлолтын ажил руу шилжих төлөвлөгөөтэй байгаа. 2021 онд үйлдвэрлэлээ эхлүүлэх явц удааширсан бөгөөд Covid-19-тэй холбоотой саатал үүсэх эсэхээс бүтэн жилийн гарцын төлөв байдал хамаарахаар байна. Урвалж бодисын нийлүүлэлтийг одоогоор урьдчилан таамаглахад бэрх байгаа ба дахин саатвал 2021 оны гарцын таамаглалыг бууруулахад хүрнэ.
Шинэ бутлуурын үйл ажиллагааг 2021 оны зун эхлэх хуваарьтай. Компани 2021 оны 2-р хагаст хүдэр нуруулдах ажиллагаагаа нэмэгдүүлж, 1-р хагаст алдагдсан үйлдвэрлэлийн хугацаагаа тодорхой хэмжээнд нөхөх боломжтой гэж үзэж байна.
Нуруулдан уусгах талбайн 3-р үүрт хүдэр нуруулдах ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Нуруулдан уусгах талбайд 1-р түвшний хүдэр нуруулдах ажил энэ жилийн туршид үргэлжилнэ. Ус халаах уурын зуух суурилуулах ажил төлөвлөгөөний дагуу 2021 оны зун дуусах юм. Түүнчлэн компани төслийн 2-р шатыг санхүүжүүлэх зорилгоор Монгол болон олон улсын зээлдэгч нартай олон шатлал бүхий зээлийн санхүүжилтийн гэрээ байгуулахаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж байна. Шинэчилсэн ТЭЗҮ-ийг 2021 оны зун боловсруулж дуусгах ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.