Skip links

Мэдээ

Степ Голд компани үйл ажиллагааны явцаасаа танилцууллаа

Монгол Улс, Улаанбаатар – (Newsfile Corp. – 2021.08.10) – Степ Голд Лимитед (TSX: STGO) (OTCMKTS: STPGF) (FRA: 2J9) (“Степ Голд” эсвэл “тус компани”) Алтан Цагаан Овоо уурхайн үйл ажиллагааны 2-р шатны бүтээн байгуулалтын явцыг мэдээлж байна.

Алтан Цагаан Овоо уурхайн үйл ажиллагаанд дараах өөрчлөлтүүд гарлаа. Үүнд:

  1. 2021 оны туршид Алтан Цагаан Овоо уурхайн нуруулдан уусгах талбай дахь хүдэр овоолго, олборлолтын ажил идэвхтэй үргэлжилсээр байна. 2020 оны 11-р сараас хойшхи дотоодын Covid-19-тэй холбоотой нөхцөл байдлаас болж олборлолтын үйл ажиллагаа тасалдаагүй. Нуруулдан уусгах талбайд 1.6 сая тонн хүдэр овоолсон. Мөн овоолгын талбайд нэмэлтээр 0.45 сая тонн хүдэр байна. Бид энэ жил алт, мөнгөний нөөцөө хангалттай сайн бүрдүүлж чадсандаа баяртай байна.
  2. Олборлож, нуруулдсан хүдрийн агуулгын дээжийн үр дүнг үндэслэн тооцоолоход манай нуруулдан уусгалт, овоолгын талбайд нийт 34,000 унц алт агуулагдаж байна.
  3. Шинэ бутлуур суурилуулах ажил ахицтай үргэлжилж байна. 2021 оны 10-р сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. 2021 оны 3-р сарын 24-нд компаниас гаргасан мэдэгдэлтэй холбоход энэхүү шинэ бутлуур нь одоогийн бутлуураас 3 дахин илүү буюу 1000 тонн/цагийн бутлах хүчин чадалтай. Ашиглалтад орсноор анхдагч хүдрийн олборлолтын үе шатанд олборлолтын хурдыг төлөвлөсний дагуу буюу жилд 2 сая тонноос давуулахад бүрэн бололцоотой болно. Хамгийн гол нь үлдэгдэл исэлдсэн хүдрийн олборлолтын шатанд бутлуурын бутлах хурдыг сайжруулах боломж бүрдэж байна.
  4. Өвлийн улиралд нуруулдан уусгалт, үйлдвэрлэлд зориулсан ус халаах уурын зуухны барилгын ажил дуусах дөхөж байна. 2021 оны 9-р сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй.
  5. Өмнөх мэдэгдлүүдэд дурьдаж байсанчлан 2020 оны 11-р сард дотоодод Covid-19-ийн тархалт дэгдсэнээс хойш манай нийлүүлэлтийн сүлжээнд бэрхшээл тулгарсан. Үүнтэй холбоотойгоор 2-р улиралд гол бүтээгдэхүүн, үйлчилгээний ханган нийлүүлэлтэд, нэн ялангуяа БНХАУ-Монгол Улсын хилийн нэвтрүүлэлт дээр хүндрэл үүсч байна. Компанийн зүгээс ойрын хугацаанд шийдэлд хүрнэ гэсэн өөдрөг хүлээлттэй байна. Гэхдээ энэхүү саатал нь 2021 оны үйлдвэрлэлийн хуваарьт нөлөөлж магадгүй юм.
  6. 2021 оны 2-р улиралд Алтан Цагаан Овоо ордоос 7,202 унц алт үйлдвэрлэсэн ба 6,558 унцийг нь унц тутмыг нь дунджаар $1,852- аар борлуулсан. Covid-той холбоотой нийлүүлэлтийн саатлаас болж алтны үйлдвэрлэл бидний төлөвлөгөөнөөс бага байгаа боловч урвалжийн нийлүүлэлт удахгүй хэвийн болж, энэ оны үйлдвэрлэлийн анхны төлөвлөгөөг давуулна гэдэгт итгэлтэй байна. Одоогийн байдлыг орлого хойшлох нөхцөл гэж компани үзэж байгаа бөгөөд үйлдвэрийн хүчин чадал сайжирч, шинэ бутлуур ажиллаж эхэлснээр ирэх 24 сард исэлдсэн хүдрийн үйлдвэрлэл эрс сайжирна гэж тооцож байна. Компани 2021 оны 2-р улирлын тайлангаа 8-р сарын 16-нд танилцуулна.
  7. Төслийн 2-р шатны ТЭЗҮ-ийг шинэчлэх ажил дуусах дөхөж байна. Голлох тоон үзүүлэлтүүдийг ойрын хугацаанд танилцуулах бөгөөд эцсийн тайланг удахгүй гаргана.
  8. Алтан Цагаан Овоо уурхайн хайгуулын ажил 6-р сард эхэлсэн бөгөөд уурхайн талбайд 1 өрмийн машинаар өрөмдлөгийн ажил хийж байгаа ба нийт 2000 метрийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн байна. Хайгуулын ажлын эцсийн үр дүн хүлээгдэж байгаа боловч эхний шинжилгээнүүдээр тусгай зөвшөөрлийн талбайн хүдэржилт сайн байгааг нотолж байна.
  9. Уудам Хөндий төслийн талбайд ойрын хугацаанд өрөмдлөгийн ажил хийгдэнэ.

2021 оны 6-р сарын 30-нд гаргасан мэдэгдэлд дурьдсанчлан Степ Голд компани Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооноос Монголын Хөрөнгийн Биржид давхар бүртгүүлж хувьцаа арилжаалах зөвшөөрлөө авсан. Компани 1,111,110 ширхэг энгийн хувьцааг тогтсон үнээр гаргаж, 5 тэрбум төгрөг (ойролцоогоор 1.75 сая ам.доллар) татан төвлөрүүлэхээр зорьж байна. Энэхүү санхүүжилтийг Алтан Цагаан Овоо төслийн 2-р шатны бүтээн байгуулалтын ажилд зарцуулна. Компани хувьцаа гаргах энэхүү ажлыг 2021 оны 2-р хагаст эцэслэхээр төлөвлөж байна.

Төслийн санхүүжилттэй холбоотой хэлэлцээг Монгол болон олон улсын зээлдэгч нартай үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд Монголын тэргүүлэх банктай хийж байгаа төслийн санхүүжилтийн эхний транчтай холбоотой хэлэлцээ маш ахицтай байна. Хэлэлцээ удахгүй дууссанаар бид олон улсын зээлдэгчидтэй нэмэлт санхүүжилттэй холбоотой асуудлаар ажиллаж эхэлнэ. Бид 2022 оны эхний хагаст төслийн цогц санхүүжилтийг бүрдүүлэхээр зорьж байна.

Степ Голдын хувьцаа эзэмшигчдийн 30% гаруй нь Азийн цагийн бүсэд байгааг тооцож үзээд бид Азийн томоохон хөрөнгийн биржид бүртгүүлэх ажлыг судалж эхэлсэн. Компанийн ТУЗ болон зөвлөхүүдтэй хувилбаруудаа хэлэлцэж байгаа. 2021 оны сүүлчээр явцаасаа мэдээлэх болно.

Степ Голд компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Т.Батаа “Манай уурхайн талбай дээр Covid-ийн тохиолдол бүртгэгдээгүй. Мөн 2021 оны эхний хагас жилд уурхайн үйл ажиллагаа тасалдаагүйг мэдэгдэж байгаадаа баяртай байна. Гэхдээ цар тахлаас болж манай нийлүүлэлтийн сүлжээнд саатал үүсч байна. Үүнээс шалтгаалан 2-р улирын үйлдвэрлэлийн хэмжээ хүлээлтээс бага гарлаа. Ийм асуудал Монголд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад тулгарсаар байгаа бөгөөд БНХАУ-ын хилийн асуудал ойрын хугацаанд шийдэгдэнэ гэдэгт найдаж байна. Мөн бид урьдчилан харах боломжгүй үүссэн нөхцөл байдалтай холбоотой төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байна.

Эерэг мэдээллээс дурьдвал, манай олборлолт, нуруулдан уусгалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Агуулгын хяналтын үзүүлэлт төлөвлөснөөс өндөр байна.

34,000 унц алт бүхий 2 сая гаруй тонн хүдэр олборлон, 50%-ийн гүйцэтгэлтэй нуруулдан уусгалт бүхий нөөц агуулахын талбайд байна. Цэвэр мөнгөний урсгал $10 сая бөгөөд манай тайлан баланс болон чөлөөтэй хөрвөх мөнгөн урсгалыг баталгаажуулж байна. Мөн бид тун удахгүй төслийн 2-р шатны ТЭЗҮ-ийг танилцуулах болно. Энэ оны эхээр бид шинэчлсэн нөөцийн үр дүнгийн мэдээллээ танилцуулсан.

Нуруулдан уусгалтын үйлдвэрлэл удахгүй хэвийн горимдоо орж, шинэ бутлуураа ажиллагаанд оруулан, манай судалгааны шинэ эерэг үр дүнгүүд гарснаар бид цаашдын ирээдүйгээ өөдрөгөөр харж байна” гэв.

Степ Голд Лимитед

Степ Голд бол Монголын тэргүүлэх үнэт металл үйлдвэрлэгч компани.

Нэмэлт мэдээллийг:

Т.Батаа, Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал

Шангри-Ла оффис, 1201, Олимпийн гудамж
19А, Сүхбаатар дүүрэг 1,
Улаанбаатар 14241, Монгол Улс

Утас: +976 7732 1914

Шинэ мэдээ

Мэдээлэл

Сүүлийн үеийн мэдээ авахыг хүсвэл манай мэдээллийн товхимолд бүртгүүлээрэй.