Skip links

Мэдээ

Степ Голд компани $65 саяын төслийн санхүүжилт татаж буйгаа зарлалаа

Монгол Улс, Улаанбаатар – 2021.11.10 – Степ Голд Лимитед (TSX: STGO) (OTCQX:STPGF) (FSE:2J9) (цаашид “Степ Голд” эсвэл “тус компани” гэх болно) Алтан Цагаан Овоо төслийн 2-р шатны бүтээн байгуулалтад зарцуулах $65 саяын (цаашид өөрөөр дурьдаагүй бол бүх дүнг америк доллараар илэрхийлсэн болно) төслийн санхүүжилтийн гэрээг байгуулах хэлцэлд хүрснээ зарлалаа.

Үүнээс $59.7 сая буюу ₮170 тэрбумийн санхүүжилтийг Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан авахаар болсон. Энэ нь 3 жилийн хугацаатай, 9%-ийн хүүтэй, хүүгийн төлбөрийг сар тутамд төлөх нөхцөлтэй. Степ Голд компани энэхүү Алт-2 хөтөлбөрөөс авч байгаа төслийн санхүүжилтээ 2022 онд олон улсын санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт татах замаар дахин санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Үүнээс гадна алтны борлуулалтын урьдчилсан төлбөрт нөхцөлөөр ХХБ-аас 12 сарын хугацаатай $5 саяын нэмэлт санхүүжилт авахаар тогтлоо. Энэхүү санхүүжилтийг Монголбанкнаас зарласан алтны ханштай дүйцүүлж эргэн төлөх юм.

Степ Голд компани Алтан Цагаан Овоо төслийн 2-р шатны ТЭЗҮ-ийн голлох тоон үзүүлэлтүүдийг 10-р сарын 27-нд танилцуулсан. Мөн бутлуурын хүчин чадлыг сайжруулах зэргээр бүтээн байгуулалтын ажлаа эхэлчихсэн байгаатай зэрэгцээд тус компани Алт-2 хөтөлбөрөөс бүрдүүлж байгаа санхүүжилтээ цаашдын бүтээн байгуулалтын ажлын явцаа ахиулахад зориулан зарцуулах юм.

Степ Голд компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Т.Батаа “Алтан Цагаан Овоо төслийн 2-р шатны ТЭЗҮ-ийг боловсруулж дуусахтай зэрэгцээд бид $65 саяын төслийн санхүүжилт татсанаа зарлахад таатай байна. Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа Алт-2 хөтөлбөрөөс 170 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бүрдүүлж байгаа бөгөөд үүгээр дамжуулан Степ Голд компани Монголын тэргүүлэх үнэт металл үйлдвэрлэгч компанийн байр сууриа бататгаж чадлаа.

Монголын санхүүгийн салбарын тэргүүлэх байгууллага манай компанид итгэл үзүүлсэн нь Степ Голд компани төдийгүй Монголын уул уурхайн салбарт том дэмжлэг болж байна.

АЦО төслийн 2-р шатанд бид нэмж 300 ажлын байр бий болгож, бүс нутагтаа хамгийн том хөрөнгө оруулагч, хамгийн том ажил олгогчдын нэг болсон байр сууриа улам бататгана. 2-р шатны бүтээн байгуулалтад шаардлагатай бүх зөвшөөрлөө авсан. Мөн хүчин чадал сайтай бутлуур суурилуулах ажил дуусах дөхөж байна.

Covid-19-ийн хөл хорио, хилийн гацаа, нийлүүлэлтийн сүлжээний саатал зэргээс болж томоохон сорилтууд тулгарч байгаа ч энэ жил олборлолт, овоолгын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан. 2021 оны 11-р сарын 1-ний байдлаар Степ Голд компанийн нуруулдан уусгах талбайд 70%-ийн гарц бүхий 45,000 унц алтны баяжмал агуулсан 2.2 сая тонн хүдрийн овоолго байна.

Степ Голд компанийн ханган нийлүүлэгч нар 100% монгол компаниуд байдаг бөгөөд нийт ажилчдын 99% нь монголчууд. Нийгмийн хариуцлагын хүрээнд бид 2017 оноос хойш 1000 гаруй оюутанд тэтгэлэг олгоод байна.

2022 онд Степ Голд компани 2-р шатны төслийн санхүүжилтээс гадна бүрэн хүчин чадлаараа үйлдвэрлэлээ явуулснаар компанийн хувьд хурдацтай өсөн тэлэх жил болно гэдэгт итгэлтэй байна.

Бидэнд итгэж, биднийг дэмжсээр ирсэн бүх хувьцаа эзэмшигчдэдээ талархаж байна. Цаашид Степ Голд компани үргэлжлүүлэн тогтвортой, бодит үнэ цэнийг бүтээж, хүргэхэд анхаарч ажилласаар байх болно” гэв.

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван “Монголбанкны зүгээс дотоодын алтны үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор тэргүүлэгч хариуцлагатай уул уурхайн компаниудыг . Алтны үйлдвэрлэл, экспорт нь Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой бөгөөд гадаад валютын нөөц, экспортын хүчин чадлыг нэмэгдүүлдэг. Бид Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Алт-2” Үндэсний хөтөлбөрөөр дамжуулан Степ Голд компанийн АЦО төслийн 2-р шатны ажилд дэмжлэг үзүүлж буйдаа баяртай байна” гэжээ.

Монголын ХХБ-ны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч “Бид “Алт-2” Үндэсний хөтөлбөрөөр дамжуулан Монголын алтны салбарт тэргүүлэгчдэд дэмжлэг үзүүлж буйдаа баяртай байна. Степ Голд компани Монголын уул уурхайн салбарт амжилтынхаа түүхийг үргэлжлүүлж, аюулгүй байдал, нийгмийн дэмжлэг, байгаль орчны чиглэлд оройлон ажилласаар ирсэн. Бид Степ Голд компанийн АЦО төслийн 2-р шатны төлөвлөгөөг дэмжиж байгаагаа зарлахад таатай байна” гэв.

“Алт-2” Үндэсний хөтөлбөрийн тухай

“Алт-2” Үндэсний хөтөлбөр нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг бататгах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, улмаар алтны салбарыг дэмжих замаар төв банкны алт худалдан авалтыг тогтвортой өсөлттэй байлгах, байгаль орчинд хариуцлагатай уул уурхайг дэмжих зорилготой. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголбанк, арилжааны банкууд болон хувийн хэвшил хамтран энэ хөтөлбөрт оролцож байна.

Степ Голд Лимитед
Степ Голд бол Монголын тэргүүлэх үнэт металл үйлдвэрлэгч компани.

Нэмэлт мэдээллийг:
Т.Батаа, Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал

Шангри-Ла оффис, 1201, Олимпийн гудамж
19А, Сүхбаатар дүүрэг 1,
Улаанбаатар 14241, Монгол Улс

Утас: +976 7732 1914

Шинэ мэдээ

Мэдээлэл

Сүүлийн үеийн мэдээ авахыг хүсвэл манай мэдээллийн товхимолд бүртгүүлээрэй.